НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо үргэлжилж байна.
Хурлын хүрээнд энэ сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдсан “Риогийн конвенцуудын уялдаа холбооны санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль хамгааллын бодлогыг бодит үйл ажиллагаа болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцуулсан байна. Тухайлбал, Засгийн газраас санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд зөвшөөрлийн шат дамжлагыг цөөлж, хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ усны тариф болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй татаасын тогтолцоог шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг онцолжээ.
Эдгээр арга хэмжээ нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бодит алхмуудын нэг болохыг COP31-ийн оролцогчид тэмдэглэсэн байна.
Мөн хэлэлцүүлгийн үеэр олон улсын байгууллагууд болон санхүүгийн шинжээчид байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилтийг хэрхэн үр дүнтэй уялдуулах талаар санал солилцжээ.
Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх санхүүжилтийг нэгдсэн байдлаар төлөвлөх шаардлагатайг хөндсөн байна.
Түүнчлэн орон нутгийн болон уугуул иргэдийг санхүүжилтийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх, холимог санхүүжилтийн механизмыг ашиглах, газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Ийнхүү COP31-ийн хүрээнд байгаль орчны зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход бодлогын уялдаа холбоо, санхүүжилтийн хүртээмж, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг онцоллоо.










